Нэг. Нийтлэг зүйл.

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь Монголын Иогийн Холбоонд бүртгэлтэй Иогийн сургууль ба төв, багш нарын мөрдөх  ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Иогийн сургууль ба төв, багш нар нь иогийн мэдлэгийг олон түмний хүртээл болгох үйл ажиллагаа, нийгэмд биеэ авч явахдаа энэхүү дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.

1.3 Иогийн сургууль ба төв, багш нар нь ёс зүйн зөрчил гаргах нь иргэд, олон нийт, суралцагч нарын зүгээс олон мянган жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн иогийн үнэт зүйлд итгэх  итгэлийг алдагдуулах, нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.4 Иогийн сургууль ба төв, багш нар үйл ажиллагаандаа  уламжлалт иогийн ЯАМА   /нийгэмд биеэ авч явах ёс зүйн зарчмууд/, НИЯАМА / хувийн ёс зүйн зарчмууд /-ыг сахин мөрдөнө.

1.5 Иогийн  сургууль ба төв, багш нар нь иогийн үндсэн зарчим зорилгоос хазайсан аливаа үг, үйлдэлийг засч залруулах , олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй.

1.6  Монголын Иогийн холбоо  нь гишүүдийнхээ нэр төр, алдар хүнд , ажил хэргийн эрх ашгийг  хамгаалж, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

1.7 Иогийн сургууль ба төвийн удирдлага,  багш нар энэхүү “Иогийн багшийн баримтлах ёс зүйн дүрэм”-ийг    чандлан мөрдөх үүрэгтэй.

Хоёр.  Иогийн төв ба сургуулийн удирдлагын мөрдөх ёс зүй

2.1 Багш болон суралцагч  нарын  хичээллэх  аюулгүй, цэвэр, тав тухтай орчинг бүрдүүлж, шаардлагатай туслах хэрэгслээр бүрэн хангах;

2.2 Суралцагчийн хувийн мэдээллийг нууцлах;

2.3 Багш болон суралцагч  нараас  шан харамж авах, хэт өндөр  төлбөр, хураамж, хандив, тоног төхөөрөмж, эд материал өгөхийг шаардах, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахаас татгалзах;

2.4 Иогийн мэдлэгийг эзэмшихийг хүссэн бүх хүнд чин сэтгэлээс ялгаварлалгүй  хандаж,  үндэс, угсаа, хэл,  нас, хүйс,  ажил мэргэжил, шашин шүтлэг, үзэл бодол,  эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

2.5 Сургалтын орчинд бусдын эрх зөрчигдөх, эрүүл мэнд хохирох, дарамт, ялгаварлан гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх;

2.6 Сургалтын танхим, хэрэгсэлээр хангах давуу байдлаа ашиглан багш, суралцагч, нарт  хууль бус шаардлага тавих, үүрэг даалгавар өгөхгүй байх ;

Гурав. Иогийн багшийн мөрдөх ёс зүй

3.1  Иогийн багш нь суралцагч бүрийн эрх, нэр төрийг хүндлэн, үндэс, угсаа, хэл,  нас, хүйс,  ажил мэргэжил, шашин шүтлэг, үзэл бодол,  эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлага,бие бялдрын онцлог, ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар ялгаварлан гадуурхахгүй, хүндэтгэлтэй, тэгш хандах;

3.2.Суралцагчдад сэтгэл санааны дарамт үзүүлэх,  хичээлийн явцад   аливаа байрлал хийхийг  шахаж шаардах, хүчлэхээс татгалзах;

3.3 Иогийн багш нь хүний биеийн бүтэц, биомеханик, физиологийн талаар зохих мэдлэгтэй байх;

3.4 Хичээл эхлэхээс өмнө суралцагч нарын биеийн эрүүл мэндийн байдлыг асууж ярилцах, иог хийж болох талаар эмчийн магадлагаа,шинжилгээний бичиг, рентгэн зураг  байгаа эсэхийг тодруулан, тохирсон түвшний хичээлийг заах;

3.5 Хичээлийн явцад аюулгүй хичээллэлтийн зарчмуудыг баримталж,  гэмтэл бэртэл авахаас  сэргийлэх, зөв хийх талаархи арга техникийг  зааж, боломжтой бүхий л  заавар зааварчилгааг өгөх;

3.6 Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад олж авсан  суралцагчийн талаарх мэдээллийг бүхий л хугацаанд нууцлан чандлан хадгалах ;

3.7  Yг, бодол, үйлдэл нь үнэн зөв байж,  мэдлэг, чадвар, хандлага, харилцаа,  биеэ авч явах байдлаар зөв үлгэрлэх;

3.8 Суралцагчийн өмнө зүй бус үг хэллэг, үйлдэл гаргах, аашилж загнах, зөвшөөрөлгүй биед нь хүрэхээс сэргийлэх;

3.9 Иогийн мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх;

3.10  Өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа бусадтай  хуваалцахаас үл татгалзах;

3.11  Олон нийтийн  сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр иогийн үндсэн зарчим, ёс зүйтэй үл нийцэх ярилцлага, мэдээ мэдээлэл өгөхгүй байхад анхаарах;

3.12 Суралцагчийн зөвшөөрөлгүйгээр тэдний зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэх болон ажил хэргийн зорилгоор авсан зураг, бичлэгийг хувийн ашиг сонирхол, бусдын нэр хүндэд халдах зорилгоор ашиглахыг цээрлэх;

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд
хүлээлгэх хариуцлага

4.1 Энэхүү дүрэмд  заасан   ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

4.2. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн Иогийн төв болон сургуулийн удирдлага , иогийн багшид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:

4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;

4.2.2. сануулах;

4.2.3. Холбооны сайтанд мэдээлэл тавих ;

4.2.4 Гишүүнчлэлээс түтгэлзүүлэх;

4.2.5 Гишүүнчлэлээс хасах ;

4.3 Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.

4.4 Ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор дахин ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.

Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх

5.1. Иогийн сургууль ба төв,  багшийн  ёс зүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай иргэдээс ирүүлсэн  гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон  хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.

5.2  Монголын Иогчдийн холбооны  удирдах зөвлөлөөс томилсон ёс зүйн хорооны гишүүн мэдээллийг хүлээж авч шалгаж , дүгнэлт гарган Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

5.3 Удирдах зөвлөлийн хурлаар багшийн ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, ёс зүйн зөрчил гаргасан гэж  үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх шийдвэр гаргана.

5.4. Удирдах зөвлөлийн хурлаар тухайн багшид  ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэнд энэ тухай бичгээр хариу өгнө..

5.5 Шалгалтын явцад  иогийн  сургууль, төв , багшийн  ёс зүйн зөрчил гаргасан талаар гүтгэсэн, нэр төрийг гутаасан  худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн  болох нь тогтоогдвол, МИХ нь өөрийн нэрийн өмнөөс  багшийн нэр төрийг сэргээлгэхээр хуулийн байгууллагад гомдол гаргаж болно

5.6 Иогийн багшийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь  зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл  тухайн гомдол , мэдээллийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Зургаа. Бусад.

6.1 Энэхүү дүрмийг МИХ-д  шинээр гишүүнээр элссэн Иогийн сургууль ба  төвийн удирдлага , багш нарт  заавал танилцуулах ажлыг Ёс зүйн хорооны гишүүд  хариуцан хэрэгжүүлнэ.

— 000 —

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.