Иогийн уламжлал олон мянган жилийн тэртээ Энэтхэгт үүссэн түүхтэй. Риши (Арш) буюу мэргэд, Махариши буюу агуу гэгээнтнүүд үүнийг үндэслэсэн юм. Тэд бие сэтгэлээ бүрэн эзэмшиж чадаад зогсоогүй, дээдийн дээд хүчнүүд, ур чадвартай байсан гэсэн утгаараа жинхэнэ иогчид байсан. Амьдрал өөрийн зааг хязгаартай, хоёрдмол шинж чанартайн улмаас өвчин зовлон зайлшгүй ирдэг, үүнээс болж тоолшгүй олон эндүүрэл төөрөгдөл үүсдэг гэдгийг тэд таньж мэдсэн байжээ. Түүнчлэн амьдрал утга учиртай, шалтгаангүй зовдоггүй гэдгийг ч ойлгож байв. Мөн амьдралын эмгэнэлт асуудлуудаас зугтах арга зам байдаг гэдэгт итгэдэг байсан. Үнэн мөнийг олох гэсэн тэдний мятрашгүй хүчин зүтгэл үр дүнд хүрч тэд сэтгэлийн чанад, мэдрэмжийн хязгаарлалт, оюун ухааны оролцоо, учир шалтгаанаас хальж чадсан юм. Сэтгэлээ төвлөрүүлэх замаар, нарийн мэдрэмжийнхээ хүчээр тэд амьдралын хамгийн нандин нууцыг өөрсдөө олж мэдсэн. Тэд эргэн тойрондоо буй зовж зүдрэн шаналж байгаа хүмүүсийг хараад мунхагаас салгаж эрх чөлөөт замд оруулахыг хүссэн. Агуу иогчид өөрсдийн туршлагаа зохистой байдлаар тайлбарлаж, хэн ч гэсэн ашиглаж болохуйц шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалыг бий болгосон юм. Түүнийг дагаж мөрдсөн хүн эцсийн зорилт болох “Өөрийгөө” – дотоод чадавхи, мөн чанараа бүрэн таньж мэддэг.
Энэхүү ариун мэдлэг гагцхүү сүм хийд, ашрам, Гималайн олон агуй болон шигүү ойн зүрхэнд оршиж байлаа. Гүрү (их багш) нар уг мэдлэгийг хүлээж авахад бэлэн болсон цөөн хэдэн хүнд л үүнийг заадаг байжээ. Хожим иог нь Энэтхэгийн жирийн хүмүүст тархах болсон бөгөөд энэ мэдлэгийг хэд хэдэн аргаар хөгжүүлсэн. Энэ сэдвээрх хамгийн чухал бүтээлийн нэг бол Иогийн Судар буюу Патанжалийн оньч үгс юм. Өнөөдөр иог давуу эрх эдэлсэн цөөнхийн хүрээнээс хэдийнээ давж олон хүний өдөр тутмын амьдралд байр сууриа эзлээд байна.
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.