Иогийн тухай мэдлэг нь зуунаас зуунд амаар дамжин номлогдож ирсэн ба хүн төрөлхтний эртний судар болох ведийн сударт анх тэмдэглэгдсэн байдаг. МЭӨ III зуунд Бенгалд иогийн анхны томоохон төлөөлөгч нарын нэг иогийн нэрт мастер Патанжали иогийн анхны нэгдмэл, системтэй ойлголтыг бий болгож иогийн судраа туурвисан.

Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Иог нь олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг. Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна. Ингэсэнээр хүн эрүүл, стрессгүй, сэтгэл санаа амгалан, амьдралд илүү идэвхи санаачлагатай, эрч хүчтэй байх боломжийг өөртөө бий болгохоос гадна иогийг байнга хийснээр бие болон оюун санааны тэнцвэрийг үүсгэдэг.

Иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй боловч өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүүс иогийн янз бүрийн төрлөөр хичээллэж тодорхой өвчнийг анагаах, эрүүлжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болох, залуужих гэх мэт тодорхой үр дүнд хүрч байна.

Иогоор хичээллэхдээ иогийн үндэс суурь болсон “Патанжали иогийн сударын” 8 мөчрийг мэдэж байх нь амжилтанд хүрэхэд илүү дөхөм болдог. Иогийн 8 мөчрийг нэрлэвэл:

Яма – Нийгмийн ёс зүйн 5 зарчим:

  • Ахимса – Үг, бодол, үйлдэлээрээ хүчирхийлэл хэрэглэхгүй
  • Сатья – Үг, бодол, үйлдэл нь үнэн. Худлаа хэлэхгүй байх.
  • Астея – Хулгай хийхгүй байх.
  • Брахмачарья – Бурханы мэдлэгт үнэнч байх, тэнгэрлэг ариунд итгэж тэгш амаглан байх.
  • Апариграха – Нүгэл хураахгүй бусдын юманд шунахгүй байх. Бусадтай буруугаар эс явалдах.

Нияма – Хувийн ёс зүйн 5 сахил:

  • Шауча – Бие сэтгэлийн ариун байдал
  • Сантоша – Юу ч тохиолдсон сэтгэл хангалуун, аз жаргалтай байх.
  • Тапас – Хувийн сахилга бат ба даяанч амьдралын хэв маяг.
  • Свадияйя – “Жинхэнэ би” сургаал. “Жинхэнэ би”-д үнэнч байх.
  • Ишвара-пранидхана – Бурханд бууж өгөх чадвартай байх.

Асана – Бие ба сэтгэлийг эрүүлжүүлэх байрлалууд (дасгалууд)

  • Пранаяма – Амьсгалын дасгалын тусламжтайгаар амьдрах эрчим хүч (прана)-г удирдан чиглүүлэх.
  • Пратьяхара – Мэдрэхүйгээ дотогш чиглүүлж, өөрийгөө ажиглах.
  • Дхарана – Нэгэн үзүүрт сэтгэл.
  • Дхьяна – Бясалгал.
  • Самади – Үгнээс чанагш байх дээд ухамсар, “Жинхэнэ дээд би”-тэй нэгдэх.

Иог нь Хатха иог, Дьяна иог, Ража иог, Жнани иог, Бхакти иог, Карма иог, Крия иог, Тапа иог, Бхава иог, Маха иог, Ананда иог зэрэг олон янзын төрөл байдаг боловч хүн өөртөө таалагдсан аль ч төрлөө сонгон хичээллэх боломжтой. Эдгээр иогийн бүх төрлүүдийн зорилго нь ижил, хүнийг төгс төгөлдөрт хүргэх, хүнийг гэгээрүүлэх боловч хэрэглэж буй аргууд нь харилцан адилгүй байдаг авч бие биетэйгээ зөрчилддөггүй. Зарим нэгээс нь товч танилцуулбал:

  • Хатха иог нь биеийг хөгжүүлэх дасгал хөдөлгөөн бөгөөд бусад иогийн төрлүүдээс баруунд хамгийн анх танигдсан.
  • Бхакти иог нь шашны сахилга бат, шүтэн бишрэх, залбирах, магтан дуулах болон сэтгэл зүрхэндээ баяр баясгаланг төрүүлэх, мөн бурханы ивээлд багтсанаар төсөөлөн өөрийгөө цэвэрлэх нэгэн арга юм.
  • Жнана иог нь санскритаар “мэдлэг” гэсэн утгатай ба маш хүчтэй оюунлаг болон сэтгэх чадвартай хүмүүст зориулагдсан.
  • Карма иог нь бусдаас хариу тус нэхэхгүйгээр чин сэтгэлээсээ бусдад буян үйлдэх зам мөр юм.
  • Тантра иог нь Энэтхэгийн Хиндус шашны итгэл үнэмшлийн нэгэн гол хүчин зүйл болдог. Энэхүү иог нь биед орших нууцлагдмал хүч болох Мулдхарагаас Ажна хүртэлх зургаан хүрдэнд (чакра) анхаарлаа төвлөрүүлэхэд оршино.

Иогийн дасгалуудыг хийхдээ биеийнхээ хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж бие дээр ирж байгаа мэдрэмжийг ажиглаж хийнэ. Дээшээ хөдөлгөөн бүрт амьсгалаа аван доошоо хөдөлгөөн бүрт амьсгалаа гаргана. Тухайн хөдөлгөөнийг хийж байхад таны биед тааламжтай, тааламжгүй ямар ачаалал ирж байна зүгээр л биеэ ажиглана.

 

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.